Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Оюутолгой ажиллагаа-3”

2013 оны 2 сарын 7

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ДАВЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах давлагаа эхэлж бай­на. Эхний заалтаасаа эхлээд монголчуудын эрх ашгийг ноц­той зөрчиж гаднынханд үйлчилсэн энэ гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаард­лага бий. Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж энэ гэрээний 15 заалтыг өөрчлөх ёстой гэж байгаа. Мөн Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр нар анхнаасаа энэ талын байр суу­рийг хадгалсаар ирсэн.  Тэгэхээр үүнийг төр засгийн хэмжээнд нийт ард түмний эрх ашгийн төлөөх давлагаа гэж ойлгож болох юм. Өчиг­дөр болсон Оюутолгой төс­лийн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцсон ажлын хэ-сэгт ч дээрх хоёр сайд орсон байгаа. Дээр нь энэ гэрээ монголчуудын хувьд гайхамшиг биш “гай” дагуулах нь олон баримтаар нотлогдсон. Тэгэхээр аль аль талаасаа Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах тохироо бүрдлээ гэж хэлж болохоор байгаа юм. Нэгэнт л Монголын ард түмэнд тус биш ус болох энэ гэрээг өөрчлөхөд болохгүй зүйл байхгүй.

Маргаантай байсан олон асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх ёстой байсан учраас энэ удаагийн хувь нийлүүлэгчдийн хурлаас гарах шийдвэрийг олон хүн амьсгаа даран хүлээж байсан. Уг хурлаар Оюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруулах, гүй­цэтгэх удирдлагын түвшинд Монголын талын төлөөллийг ажиллуу­лах, “Оюутолгой” ХХК-ийн хан­ган нийлүүлэгчээр үндэсний ком­панийг түлхүү оролцуулах зэрэг асуудлыг ярихаар төлөвлөж байсан юм. Хувь нийлүүлэгчдийн хурал өчигдрийн 14.00 цагаас Уул уурхайн яаманд болно гэсэн тов гарсан байсан ч 16.00 цагт “Их тэнгэр” цогцолборт эхэлсэн.

Хувь нийлүүлэгчдийн хуралд Монголын талыг төлөөлөн Уул уур­хайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Байгаль орчин,  ногоон хөгжлийн сайд С.Оюун нар оролцож байгаа. Ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг “Хувь эзэмшигчдийн хурлын талаарх нэгдсэн мэдээллийг өгөх болно. Гэхдээ хэлэлцэх асуудал их байгаа учраас өнөөдөртөө /өчигдөр/ амжихгүй. Ямар ч байсан бид нэг байр суурьтай байж асуудлыг шийдвэрлэхийг зорино” гэсэн.

Оюутолгой төслийн ирээдүй хааш эргэх нь уг хурлаас гарах шийдвэрээс шууд хамаарна. Цаашлаад Монгол Улс, монгол хүн бүрийн ирээдүйд нөлөөлөх шийдвэрийг энэ хурлаас гаргана. Оюутолгой төслийн нийт үнэлгээ 440 тэрбум ам.доллар гэж байгаа ч одоогийн байдлаар энэ төсөл манай улсад татвараас өөр ямар ч өгөөжгүй байна.

Хувь эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх эхний асуудал бол “Оюу­толгой” компанийн анхны хөрөнгө оруулалтыг яагаад хоёр тэрбум ам.доллараар нэмэгдүүлснийг тод­руулах явдал. Энэ төслийн бүтээн бай­гуулалтад бидний халааснаас нэг ч төгрөг гараагүй. Баялаг нь манайх учир бид энэ төслийн 34 хувийг эзэмшиж байгаа. Тиймээс анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг нь төлж дууссаны дараа л ашиг авч эхэлнэ. Гэтэл хөрөнгө оруулагчдын санаатай болон санамсаргүй үйлд­лийн үрээр бидний авах ашиг “алаагүй баавгайн арьс”-аар дээл хийж нөмрөхтэй адил бүтэхгүй зүйл болж замхарч мэдэх нь.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Оюутолгой ХХК-ийн зардал өс­сөн байна. Анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгийг 47 хувиар өсгөж үргүй зардал гаргачихаад удирдлагынхаа шагнал, зардлыг аваад сууж бай­на” хэмээн зардал өсч байгааг шүүм­жилсэн. Компанийн зардал өсч байгаа нь манайд ашигүй. Уул уур­хайн бусад компаниудын хувьд энэ төлбөрийг ихэвчлэн орлогын 1-3 хувь юм уу, зардалд суулгадаг юм байна.  “Оюутолгой” ХХК-ийн удирдлагууд дэлхийн жишгээс 2.5 дахин их зардал гаргаж байгаа тооцоо бий. Өөрөөр хэлбэл “Рио Тинто” хөрөнгө оруулалтын гэрээг зөрчин асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж байгаагийн төлөө дэлхийн аль ч орны жишигт байхгүй өндөр цалин авч байгаа хэрэг. Үйлдвэрийг удирдаж байгаа дарга нар төслийн зургаан хувийг зарцуулж байна. Энэ хувийг багасгах асуудлыг өмнө нь олон хүн тавьж байсан ч өдийг хүртэл шийдэгдээгүй байгаа. Дээр нь энэ гэрээнд зардал нь төсвөөсөө хэтэрвэл яах талаар зохицуулалт байхгүй байгаа юм. Тэгэхээр зардал хичнээн нэмэгдсэн ч нэгэнт л тодорхой заалт байхгүй учраас гэрээг өөрчлөхөөс нааш бидний зүтгэл хадны цуурай адил хий хоосон зүйл хэвээр байна.  Түүнчлэн зардал цаашид нэмэгдэх төвөлтэй байгаа гэсэн. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа зардлыг “чөдөрлөх”, цаашид нэмэгдүүлэхгүй байх талаар заалт оруулаагүй юм байна. Тиймээс одоо зардлыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарал хандуулах цаг нь болсон.

Английн “Ройтерс” агентлаг “Рио Тинто”-гийн хувьд ашиггүй олон уурхайнуудынхаа алдагдлыг бага ч боловч хаах цорын ганц боломж нь Оюутолгой төсөл юм” хэмээн дурьдсан байсан. Тэгэхээр зардал өсч буй шалтгаан ч үүнтэй холбоотой байж болохыг олон хүн сануулж байгаа.  УИХ-ын дэд дарга С.Баярцогт Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх мэтгэлцээний үеэр гайхамшигтай гэрээ болсон гэж байсан. Гэтэл түүний хийсэн “гайхамшигтай гэрээ”-н дэх олон “цоорхой” бидэнд гай дагуулж мэдэхээр байгаа юм.

Тиймээс Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх цаг нь болсон. Гэрээг өөрчилсөн тохиолдолд манай улсын нэр хүнд олон улсын тавцанд унана гэдэг. Ер нь гэрээг бүхлээр нь биш юм гэхэд тодорхой заалтуудыг бүх баялагаа тавиад туучихаагүй байгаа дээрээ өөрчлөх ёстой. Ингэж өөрчиллөө гээд олон зууны түүхт улсыг дэлхийн хөрснөөс арчаад хаячихгүй нь лавтай.

Н.САНЖААСҮРЭН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ сэдвээр: Оюутолгой
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар