Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Оюутолгой ажиллагаа-2” буюу монгол хүнийг нохойноос дор үзэв

2013 оны 2 сарын 6

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” ком­панийн үнэн төрх тодорч эхэллээ. Шагай, сүү, талхаар жишээ болгон “Монголчууд Оюутолгой төслийн нийт ашгийн 71 хувийг хүртэнэ” хэмээн сурталчилж байсан ч энэ нь ердөө л тархи угаасан хэрэг болсон бөгөөд эцэстээ бид 34 хувиа ч бүтнээр нь авч чадахгүй байдалд хүрч мэдэх нь. “Рио Тинто” компани саяхан АНУ-ын шилдэг “PR”-чин компаниар шалгарсан байна билээ. Тэр их гүрний толгойг эргүүлж чадсан хүмүүс бид­нийг хөнгөхөн дөнгөчихөж мэдэх л юм. Тэгэхээр Оюу­толгой төслөөс хүртэх 71 хувийн ашиг бол тэдний ээлжит “PR” бөгөөд бидний хувьд биелэгдэшгүй мөрөөдөл болоход тун ойрхон байна. Тэр ч байтугай энэ төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй монголчууд ч энэ “Саалийн үнээ”-ээсээ олигтойхон ашиг шим авч чадахгүй байгаа.

“Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон манай улсын холбогдох хууль дүрмийг ноцтойгоор зөрчсөн үйлдлийг баримттайгаар дэлгэе.


“ОЮУТОЛГОЙ” ХХК-ИЙН АЖИЛЧИД ШАЛГАЛТААР ОЧСОН АЖЛЫН ХЭСГИЙНХНИЙГ ҮЛ ТООМСОРЛОЖЭЭ

Иргэн С.Гантуяагийн гаргасан гомдлын дагуу Хөдөлмөрийн сайд тушаал гарган “Оюутолгой” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлттэй танилцан шалгах ажлын хэсэг гарч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдэд тус компанид ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хөдөлмөрийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус компанийн ажилчдын цалингийн хэмжээг шалгах гэсэн боловч хүний хувийн нууц учир өгөх боломжгүй гэсэн хариуг өгчээ. Хувь хүний нууцын тухай хуульд цалингийн хэмжээ нууцад хамаарагдахгүй гэж заасан байдаг аж. Ажлын хэсгийнхэн холбогдох хуулийн заалтыг тайлбарлаад ч тус компанийн ажилчдын цалингийн хэмжээг мэдэж авч чадаагүй гэнэ. Тэр ч бүү хэл хяналт шалгалт хийх эрх бүхий ажлын хэсгийнхнийг тохуурхан, үл тоомсорлож төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн байна. Мөн ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тус компанид ажиллахаар очиход Үйлдвэрчний эвлэлийн хороо нь ээлжит бус хурлаа хуралдуулж байсан бөгөөд уг хуралдаанд оролцож ажилчдын санал бодлыг сонсохоор очиход нь хаалттай зохион байгуулсан хурлаа тараажээ.


МОНГОЛ, ГАДААД АЖИЛЧДЫН ЦАЛИН ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ ТЭНГЭР ГАЗАР ШИГ ЯЛГААТАЙ БАЙНА

“Оюутолгой” ХХК-д төслийн менежерээр  ажиллаж  байсан  С.Гантуяа компанийнхаа удирдла­гуудад мон­гол ажилчид гадаад ажилчдаас хэд дахин бага цалин авч байгааг сануулс­ныхаа төлөө “тэмцэгч” нэр авч эцэст нь хөөгдсөн. Энд монгол ажилчид хамгийн бага цалинг авдаг. Үүнийгээ компанийн удирдлагууд гадаад мэргэжилтнүүдийн цалингийн хэмжээг тухайн орны цалингийн хэмжээгээр, монгол ажилчдын цалинг манай улсад уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг цалингийн жишиг хэмжээгээр тог­тоосон гэж тайлбарладаг. “Оюу­тол­гой” ХХК бол манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ улсын холбогдох хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Гэтэл хэн, хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй тэнгэр газар шиг зөрүүтэй цалингийн цэс зохиочихоод үүнийгээ хүчээр тулгаж, эсэргүүцсэн нэгнийг нь шуудхан хөөгөөд явуулчихдаг гаж тогтолцоо энд үйлчилж байгаа юм. Ер нь манай улсын үндсэн хууль болоод бусад хууль тогтоомжууд бүх хүн аж ахуйн нэгжүүдэд адил тэнцүү үйлчлэх ёстой. Оюутолгой бол бусадтай л адил  учраас Оюутолгой ба бусад гэдэг ойлголт байх ёсгүй. Ер нь энэ компанийн ажилчдын цалингийн хэмжээний талаар яриавал “но” их бий.

“Оюутолгой” ХХК-д ажиллаж байгаа монгол болон гадаад ажилчид чухам хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаарх нарийн мэдээлэл одоог хүртэл нийтэд ил болоогүй байгаа. Шалгахаар очсон ажлын хэсгийнхэнд ч энэ мэдээллийг нуугаад үзүүлээгүй талаар дээр дурьдсан. Тус компани 1-11 хүртэлх цалингийн зэрэглэлтэй байдаг. Гэтэл монгол ажилчид зэрэглэл ахиулж цалингаа нэмэгдүүлэхийн тулд ямар шаардлага биелүүлж, мэдлэг боловсрол эзэмшсэн байх ёстой талаар төлөвлөлт огт байдаггүй аж. Өөрөөр хэлбэл энэ зэрэглэл нь зөвхөн гадаад ажилчдад л зориулсан заалт бололтой. Монгол хүн хэчнээн хичээгээд ч зэрэглэл ахиж чадахгүй байхад танил талтай гадаад ажилчин хэдхэн сарын дотор өндөр цалин авдаг тухай асуудал энэ компанийн ажилчдын дунд байнга л яригдаж байдаг.

“Оюутолгой” ХХК-д монгол ажилч­даас 11 дахин цөөн гадаад хүн ажиллаж байна. Тэгсэн хэрнээ гадаад ажилчдын цалингийн сан нь монгол ажилчдынхаас даруй 1.8 дахин их байгаа юм. Зүйрлэвэл тус компанид ажиллаж байгаа 33 монгол ажилчин нийлээд 1000 төгрөг авч байхад гадны гуравхан ажилчин 1800 төгрөг авч байна.  Тус компанийн нийгмийн даатгалын байгууллагад төлсөн шимтгэл төлөлтийн мэдээнээс харахад монгол ажилчдын цалингийн хэмжээ гадаад ажилчдынхаас 13 дахин бага байгаа юм.  “Рио Тинто”-гийнхон үүнийг “Гадаадын өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтнүүдийг ажиллуулж монгол ажилчдыг сур­гаж байна” гэдэг үгээр энэ яриаг таглах гэж оролддог. Мэдээж гадны орнуудад өндөр боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүд ирдэг л байх. Гэхдээ энэ мэргэжилтнүүдээс танил тал, ар өврийн хаалгаар шургалсан мэргэжилгүй нөхдүүд олон байгааг эндэхийн ажилчид ч, шалгалтаар очсон ажлын хэсгийнхний дүгнэлт ч гэрчилнэ.

Оюутолгойд ажиллаж буй манай улсын иргэд бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой байдаг бөгөөд гадаадад их, дээд сурууль төгссөн бол давуу талтай гэж үздэг. Гэтэл гадны орноос нарийн мэргэжлийн ажил, албан тушаалд уригдан ирж байгаа нь ихдээ л бакалаврын зэрэгтэй байдаг. Бакалаврын төвшний боловсрол ч эзэмшээгүй хатуухан хэлбэл “лааз өшиглөж” явсан нэг нөхөр Оюутолгойд ирээд гадны оронд өндөр боловсрол эзэмшсэн магистр болон түүнээс дээш төвшний боловсролтой монгол залуугаас арав хорь дахин их цалин авч байгаа нь үнэхээр шударга бус бөгөөд, ойлгомжгүй санагдаж байгаа юм. Гадныхан гэхээр л хөлөө хугалчих шахаад тосч гүйдэг байсны үр дүн ч байгаа л байх. Цаашилбал “Оюутолгой” ХХК-ийн гадаад ажилч­дын мэдлэг боловсролын түвшин үнэхээр эргэлзээтэй байгаа юм. Ту­хайлбал энд урлагийн ухааны магистр хүнийг хамгаалалтын албанд зөвлөхөөр авч ажиллуулж байна. Түүнчлэн мэр­гэжилгүй нэг хүн, мэргэжлийг нь баталсан баримтгүй хоёр хүн, ямар ажлын байранд ажиллуулах нь тодорхойгүй дөрвөн хүн мөн ажиллаж байгаа юм.

АЛБАН БУС ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭТЭЙ КОМПАНИ

“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулагчид өөрчлөгдөж компанийн нэр солигдсон боловч 2005 онд баталсан Хөдөлмөрийн дотоод жур­маа мөрдсөөр байгаа аж. Өмнө нь 2011 онд тус компанид хийж “Дотоод журмаа шинэчлэн боловсруулж, үйл ажиллагаандаа мөрдүүлэх” зөв­лөмж өгсөн боловч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байгаа гэнэ.

ГЭРЭЭНД ЗААСНААС ОЛОН ТООНЫ ГАДААДЫН ИРГЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нийт ажилчдын 90-ээс доошгүй хувьд Монгол Улсын иргэдийг ажиллуулна гэж заасан байдаг. Гэтэл “Рио Тинто” энэ заалтыг зөрчиж сар бүр 205-аас 368 гадаадын иргэнийг илүү ажиллуулж байна. Түүнчлэн гадаад ажилчдын тоо жил ирэх тусам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

“Оюутолгой” ХХК-д шалгалт хийсэн ажлын хэсэг “Тус компани Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний цалингийн талаар хүлээсээн үүргээ ноцтой зөрчиж байна” хэмээн дүгнэсэн байна. Гэрээ байгуулахад оролцогч талууд харилцан ашигтай, ядаж л алдагдалгүй байх ёстой. Гэтэл “Рио Тинто” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ энэ мэтчилэн ноцтойгоор зөрчсөөр байгаа юм. Рио Тинтогийн хувьд монгол хүнийг нохойноос дор үзэж байна.

Үргэлжлэл бий...

Н.САНЖААСҮРЭН

Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

Энэ сэдвээр: Оюутолгой
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар