Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Уул уурхайн төсөлд төрийн оролцоог ОУ-ын жишигт нийцүүлэх нь

Өчигдөр 9 цаг 16 минут

Уул уурхайн төсөлд төрийн оролцоо, татварын тогтолцоог ОУ-ын жишигт нийцүүлэх нь

УИХ-ын чуулганы хуралдаанаар саяхан Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын оролцоотойгоор Оюутолгойн гэрээний талаарх асуудлыг хэлэлцэж үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх, сургамж авч цаашид олборлох салбарын хөрөнгө оруулалтад баримтлах чиглэлээ оновчтой болгох алхам хийж байгаад иргэний хувьд талархалтай байна. Уул уурхайн салбарын хууль тогтоомж, гэрээ эрх зүйн хүрээнд баримталдаг олон улсын нийтлэг сайн практик жишгээс тунгааж, тус салбарын холбогдолтой гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн шинэчлэлд харгалзууштай гэж үзсэн дараах зарим асуудлыг  олон нийтэд сонордуулан толилуулахыг зорьсон болно.

Монгол улсад Оюутолгойн хийгээд бусад эрдэсийн ордуудын гэрээний шинэчлэлд болон ашигт малтмал ашиглалтын бусад гэрээ байгуулалт, эрдсийн салбарын хууль тогтоомжид  дараах асуудлыг олон улсын жишгийн дагуу зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байна. Үүнд:

1.    Уул уурхайн олборлолтын төсөлд Засгийн газар оролцдог олон улсын нийтлэг зарчим: Дэлхий нийтийн жишгээс үзэхэд ашигт малтмалын нөөцийн эзэн орон уул уурхайн төсөлд дараах 4 хэлбэрээр оролцдог нийтлэг практик байна. Үүнд:

a/ Засгийн газар хөрөнгөөрөө болон төслийн үйл ажиллагаанд нь шууд оролцож, эрсдэл, ашгаа хуваалцах (WI-(working or paying interest) хэлбэр: Энэ нь тухайн ордын нөөцийг Засгийн газар өмчилж, түүнд хайгуул хийх, олборлох, бусад үйл ажиллагааг төрийн өмчийн компаниар төлөөлүүлэн гүйцэтгүүлээд түүний орлого, зарлагыг нь хариуцан тооцож эцсийн үр дүнг мөн өөртөө авах, эсхүл холбогдох төлбөрийг хариуцах агуулгаар төр оролцох хэлбэр. Энэ аргыг гол төлөв технологийн хяналт тавих чадавхитай үндэстэн дамнаж ажиллах чадвар, туршлагатай өөрийн үндэсний компанитай бөгөөд түүгээр дамжуулж уул уурхайн төсөлд өөрийн хөрөнгийн оролцоо (Норвеги, Чили, Австрали, Индонези, Нигери улсууд гол төлөв газрын тосны төсөлд) бий болгосон оронд л хэрэглэдэг. Үүнтэй уялдуулаад “Эрсдэл хуваалцах гэрээ” (risk sharing agreements) байгуулдаг.

b/ Засгийн газар ямар нэг мөнгөн хөрөнгөөр хувь оролцохгүйгээр уул уурхайн ордын батлагдсан нөөцийг барьцаалж, санхүүгийн үүрэг хариуцлага хүлээхгүйгээр олборлогч компанитай тусгай нөхцөл тохиролцон хөрөнгө оруулагчийг уригч (host country) эзэн орны хувьд уул уурхайн төслийн үр дүнгээс хуваалцах ( F-free equity) хэлбэр.  Энэ нь үндсэндээ татвараас гадна нөөцийн рентийн татвар (resource rent tax)- аар дамжуулж үлдэц цэвэр ашиг хуваалцах аргын сонгодог хэлбэр мөн.  Үндэсний уул уурхайн хүчирхэг комдпанигүй боловч эрдсийн нөөц ихтэй орнууд гол төлөв энэ хэлбэрийг сонгож болно гэж үздэг.

c/ Улс өөрийн хөрөнгөөр дангаараа шууд санхүүжилт хийж орд ашиглах (SDFI –state direct financing interest) хэлбэр. Уул уурхайн үндэсний хүчирхэг компанитай орнууд (тухайлбал, Чили, Канад, Норвеги улс) гол төлөв хэрэглэдэг арга.

d/ Засгийн газрын хөрөнгийн оролцоонд шаардагдах хэсгийг хөрөнгө оруулагч талаас зээлээр авч хүүтэй нь буцаан төлөөд хөрөнгө оруулалтаа бүрэн нөхсөний дараа үр ашиг хуваалцахыг хүлээх (CI- carried interest) хэлбэр: Энэ тохиолдолд Засгийн газар дээрх хөрөнгийг нөхөн төлж дуустал ашиг хуваалцангүй, хэдий хэрийн ашиг хуваалцах нь тодорхой бус тул эрсдэлтэй. Засгийн газрын оролцооны энэ хэлбэрийг Замби улсын зэсийн салбарыг улсад шилжүүлэх  (nationalization)-эд 1970 онд, хожим  Папуа Шинэ Гвиней-д газрын тосны гэрээнд, Танзанид ураны ордын олборлолтод л хэрэглэсэн байдаг. Энэ аргыг дээрх 3 оронд 40 гаруй жилийн өмнө ийнхүү хэрэглэж байсан бол одоо төдийлөн хэрэглэхгүй болсон байна.

Уул уурхайн төсөлд засгийн газрын оролцоо (government participation) гэдгийг зөвхөн тухайн компанийн, эсхүл төсөл хэрэгжүүлэгчийн өөрийн хөрөнгөд нь л мөнгөн хөрөнгөөр оролцох төдийгөөр хязгаарлах ойлголт  биш бөгөөд төрийн оролцооны гол эрх, үүрэг нь:
  1. тухайн ордын ашиглалтад хэрэглэж байгаа технологийн түвшинд болон байгаль орчинд нөлөөлөх байдалд;
  2. хөрөнгө оруулагч нь  орлого, зарлагаа бүртгэж татвар, санхүүгийн талаар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдалд;
  3. гэрээгээр нийгмийн болон бусад чиглэлээр хүлээсэн үүргийн биелэлтийн байдалд нь тус тус улсын өмнөөс хяналт тавих чадавхи;
  4. гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа нөхцөлд зохих шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд төслийн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авах зэрэгт эдлэх эрх, түүнийгээ хэрэгжүүлж байгаа чадавхи;
  5. хөрөнгө оруулагчийн ба орны харилцан эрх тэгш байдлыг хангуулах, хөрөнгө оруулагчийг хамгаалах үүрэг хүлээж биелүүлж байгаа байдал  зэрэг нь засгийн газрын оролцооны хамгийн гол чиглэл гэж үздэг байна.
Норвегийн Сангийн сайд асан саяхан манай улсад ажиллах хугацаандаа уншсан лекц ч ийм агуулгатай нь анзаарагдсан. Иймд Монголын тал тухайн төсөлд зөвхөн хөрөнгөөр оролцож орлого, ашиг хуваалцах ганц асуудлыг голлож анхаараад, байгаль орчин ба бусад чиглэлээрх төрийн хяналт, зохицуулалтын бусад үүргээ орхигдуулах ёсгүй.

2.    Засгийн газар уул уурхайн төсөлд тогтоосон эрдэсийн нөөц дээр мөнгөн хөрөнгө нэмж нийлүүлэх шаардлагатай эсэх: Юуны өмнө уул уурхайн төсөлд нөөцийн эзэн орон ямар зарчмаар хувь оролцох талаарх онолын үндэслэлийг харгалзах хэрэгтэй юм. Судалгааны эх сурвалжуудаас ишлэл авахад:  “Тухайн улс нөөцөө олборлуулна-хөрөнгө оруулагч олборлолт хийнэ-эцэст нь  ашгаа харилцан ашигтай хуваалцана” гэсэн зарчим баримтлах ёстой гэж уул уурхайн салбарын эдийн засгаар мэргэшсэн эрдэмтэд, судлаачдын судалгааны хэд хэдэн бүтээл, баримт бичигт дурджээ. Эдгээр эх сурвалжуудад тусгагдсанаас ганцыг нь энд болговол: “Засгийн газар ба эрдэс баялгийн төсөлд хөрөнгө оруулагчийн хооронд бүтээгдэхүүн хуваалцах хэд хэдэн арга байдаг бөгөөд засгийн газрууд энэ хэлбэрүүдээс сонголт хийсэн байдаг... Онолын үүднээс авч үзэхэд, засгийн газар тухайн төсөлд хүдрийн биет хэлбэрийг хөрөнгийн оролцоо болгох, харин хөрөнгө оруулагч нь хайгуулын болон уурхайг барьж байгуулах зардал, тухайн төслийг үйл ажиллагааг явуулах байдлаар ажиллаж эцэст нь үр ашгаа хуваалцах” практик жишигтэйг ийнхүү дурджээ. Үүнийг үндсэн эхэд байгаагаар нь хадаж тусгав. Ийнхүү үндсэн эхэд дурдсаныг энд хадаж байгаагийн гол учир нь манай улсад гадаадынхны үгийг илүү тоодог бөгөөд монгол хүний үгийн үнэ цэнэ нь бага, үнэмшил төрүүлэхдээ тааруу болохоор тэр шүү дээ. Эх сурвалжид: ”Product sharing between the government and the mineral investor has a certain initiative appeal, and some governments have adopted it…  In the theory, the government and the private investors are partners. The government contributes capital to the project in the form of the ore body while private investors contribute the exploration and development costs and operates the project. The government and the private investors agree to share минерал production, or its profits from the project, through the government can require the private investors to market its share of the product” (see: Asia-pacific Tax Bulletin. Dr. J.V.M. Sarma and Dr. G. Naresh: International Mineral Taxation around the World: trends and Issues, p.9) гэж дурджээ.

Дээр дурдсан ишлэлээс үзвэл ашигт малтмалаа олборлуулж байгаа Тал нь уг төслийг хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч талын хөрөнгөд, тэгэх тусмаа авч байгаа зээлд нь олборлуулж байгаа тогтоосон нөөц дээр дахин нэмж хөрөнгө оруулалт хэлбэрээр хөрөнгө гаргах  шаардлага байдаг эсэх нь тов тодорхой байгаа бөгөөд харин тухайн ордын нөөцийн онцлогоос хамаарч уг олборлолтын үр дүнгээс хэнд нь ямар хувь хэмжээ ногдуулахыг тогтоодог зарчим баримталдаг нь тодорхой байна.  Энэ нь уул уурхайн төслийн хувьд зарчмын гол асуудал яах аргагүй мөн. Дэлхийн Банкны зөвлөх баг манай улсад 2000 онд болон түүний дараах онуудад ажиллаад уул уурхайн татварын харилцааны шинэчлэлийн талаар гаргасан зөвлөмждөө: “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн 68 хувийн татварыг халж үүний оронд нөөцийн рентийн татвар (resource rent tax)-ын буюу (үлдэц цэвэр ашиг хуваалцах) тогтолцоонд шилжих, эрдэс баялгийн олборлолтын төсөлд мөнгөн хөрөнгөөр оролцдог төрийн оролцооноос татгалзах”-ыг удаа дараа зөвлөмж болгож байсан нь санамсаргүй зүйл, эсхүл сөрөг үр дагавар авчрахаар зөвлөмж биш юм.  

Иймд манай улс цаашид уул уурхайн салбарт засгийн газрын оролцоог уул уурхайн иөсөлд дээр дурдсан сонгодог 4 хэлбэрээс “b” буюу 2 дахь хэлбэрийг сонгох нь харилцан ашигтай нөхцлийг хангах оновчтой арга гэж үзэж гэрээ контрактад түлхүү баримталмаар байна.  

3.    Уул уурхайн төсөлд төрийн оролцоог тодорхойлох арга зүйн хувьд:

а/ төрийн өмчөөр хайгуул хийж нөөц тогтоосон ордод ашигт малтмалаа барьцаалан төрийн өмчийн 50-иас дээш хувь байлгах, хөрөнгө оруулагч нь хайгуул хийж нөөц тогтоосон бол мөн ашигт малтмалын барьцаагаар 34 хувь байх хувилбар зохистой. Гэхдээ тухайн ордын ашигт малтмалын агуулга, уул геологийн нөхцөл, олборлолтын хөрөнгө оруулалтаас хамаарч төрийн өмчийн оролцоо 50-иас дээш хэдэн хувь байхыг харилцан тохиролцож байх (олон улсын практик ийм байна) нь зүйтэй ажээ.

4.    Уул уурхайн татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх асуудлыг яаравчлах хэрэгтэй: Уул уурхайн татвар, төлбөрүүдийн хувьд хуулиар  үндсэн суурь нормыг нь  тогтоогоод түүний хэлбэлзэх  хязгаарыг төсөл бүр дээр  гэрээгээр тохиролцож байх нь зохистой гэж үздэг байна. Ялангуяа Оюу толгойн гэрээг шинэчлэхээс наана татварын энэ удаагийн шинэчлэлийн нэг гол хэсэг болсон уул уурхайн татварын харилцааны нөхцлүүдийг хууль баримталж гэрээнд шинэчлэн тусгана гэвэл амжихгүй талтай тул цаашид уул уурхайн татварын тогтолцоонд оруулах шинэчлэлийн гол гол нөхцлүүдийг одоо баримталж байгаа хуулийг эс харгалзан, ирээдүйн өөрчлөлтийг харж олон улсын жишигт нийцүүлсэн гэрээгээр тохиролцох хэрэгтэй байна. Үүнтэй холбогдуулан дараах нөхцлүүдийг зөвхөн Оюу толгой төдийгүй эрдэсийн олборлолтын бусад төслүүдийн гэрээнд харгалзан үзэж харилцан зөвшилцдөг байх нь зүйтэй юм. Үүнд:

  • Гадаад шилжүүлгийн суутгалын горимыг олон улсын жишигт нийцүүлье:  Манай улсын хуульд зөвхөн дивидендийн шилуүүлгэд суутгал хийх нөхцөл байгаа нь нэн чамлалттай бөгөөд шилжүүлэг нэрээр татвараас зайлсхийх маш өргөн боломж байгаа юм. Иймд Уул уурхайн компаниуд янз бүрийн гадаад шилжүүлэг нэрийн дор татвар ногдуулах орлогын суурийг бууруулахаас сэргийлэхийн тулд олон улсын жишгийг харгалзан үзэж: “Үнэт болон суурь металл, нүүрсний олборлолт эрхэлдэг хуулийн этгээдээс гадаадад шилжүүлэх  a/ ногдол ашиг, b/ зээлийн хүү, 3 /роялтын төлбөр, (royalty- энэ нь зөвхөн АМАТ гэсэн утгаар биш бусад талын патент, барааны тэмдэгт, нэр ашигласны зэрэг төлбөрийг мөн роялт-д хамруулдаг),4/  гадаадын этгээдээр гүйцэтгүүлсэн (техногоги дамжуулалтаас бусад) ажил үйлчилгээ, техникийн туслалцаа, зөвлөхийн болон урьдчилж нэрдэх боломжгүй бусад үйлчилгээний зардлын гадаад шилжүүлгийн дүнд  тус бүр 20-30 хувиар татварын суутгал хийдэг эрдэс баялаг түлхүү олборлодог дэлхийн 34 орны олон улсын жишгийг баримталъя.  

Уул уурхайн олборлолтын талаар туршлага бүхий нилээд олон орон ийм жишигтэй байна. Тухайлбал: Чилид роялтын төлбөр шилжүүлгэд 30%, тухайн хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгөөс З дахинаас илүү давсан зээлийн хэсэгт ногдох зээлийн хүүгийн болон ногдол ашгийн шилжүүлгэд тус бүрд нь  35%, Австралид роялт ба ногдол ашгийн шилжүүлгэд тус бүр 30 %-иар, Мексик, Перу-д  роялт болон тогтоосон хязгаараас давсан зээлийн хүүгийн шилжүүлгэд 30 %, Филипинид гадаадын компанийн ажил  үйлчилгээний зардал шилжүүлгэд 30%, АНУ-д ногдол ашиг, хязгаар заагаагүй зээлийн хүү, роялт, аливаа үйлчилгээний үнэ хөлс шилжүүлгэд тус бүрд нь 30 хувиар, Канадад роялт, хязгаараас давсан зээлийн хүү, үйлчилгээний төлбөр, ногдол ашгийн гэсэн 4 төрлийн шилжүүлгэд тус бүр 25 %-иар татварын суутгал хийдэг байна. Энэ нь:
  1. Уул уурхайд оруулах хөрөнгийг дан зээлээр бүрдүүлэх бус, тухайн хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгийн оролцоог аль болох түлхүү байлгаж зээлийн хүүгийн зардлыг бууруулах бодлогыг тухайн засгийн газар гэрээнд байримтлах ёстой ажээ. Үүнийг “principles of minimizing  thin capitalization” гэж нэрлэдэг байна.
  2. аливаа шилжүүлэг нэрээр хөрөнгө оруулагчийг уригч оронд үлдэх үлдэц цэвэр ашиг (resource rent)-ийн хувийг буруу аргаар бууруулах оролдлого гаргахаас сэргийлэх агуулгатай ажээ. Уул уурхайн олборлолт эрхэлдэг хуулийн этгээдийн “бусад шилжүүлэг”-ийн асуудалд татварын үйлчлэл хүчтэй үйлчилж байдаг бөгөөд энэ төрлийн шилжүүлгэд дээрх орнуудаас гадна Мексик, Перу-д тус бүр 30 %, Энэтхэгт 42.3 %-ийн татварын суутгал ногдуулдаг ажээ.
Үүнтэй уялдуулан эрдэс баялаг олобрлогч гадаадын хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн тухайн төслийн санхүүжилтэд авсан зээл нь  түүний өөрийн хөрөнгөөс 2 дахин давсан хэсэгт ногдох зээлийн хүүгийн шилжүүлгэд 30 хувийн, гадаад шилжүүлгийн зардалд 25-30 хувийн  татварын суутгал (withholding tax) хийдэг байх нь олон улсын практикт нийцэхсэн билээ. 
  • Монгол улсаас гаралтай болон мөн улсад олсон аливаа орлогод татвар ногдуулдаг байх нь олон улсын нэг жишиг мөн:  Тухайн улс орон бүр өөрийн орны гаралтай болон тухайн оронд бий болсон аливаа орлогод татвар ногдуулдаг нийтлэг зарчим баримталдаг. Гэтэл манай улсын уул уурхайн тогтоосон нөөцийг олборлох эрх авсан хуулийн этгээд гадаад зах зээлд түүнийг барьцаалах, хувьцаагаа арилжих замаар мөнгө босгож байгаа боловч түүнээсээ манай улсад татвар төлдөггүй байдал нь шударга бус юм. Иймд Монгол улсаас гаралтай ийм төрлийн орлогод татвар ногдуулдаг горимд шилжих шаардлагатай байна.  
  • Тусгай зөвшөөрөл нэг бүрээр уул уурхайн олборлолтын үр дүнг тооцох зарчимд шилжие: Бүлэг ордуудыг бүхэлд нь хамарч шатлан олборлолт явуулах хуулийн этгээд, түүний хамаарах этгээд нь уул уурхайн хувьд ашиг, алдагдлаа “тусгай зөвшөөрөл нэгбүрээр нь үр дүн тооцох” зарчим баримталдаг олон улсын жишигтэй бөгөөд үүнийг уул уурхайн хэлээр “ring-fencing principles” гэж нэрлэдэг.  Гэтэл манай улсад жишээ нь ашигт малмалын нэг савд хамаарах хэд хэдэн бүлэг ордыг цаг хугацааны үечлэлээр цувуулах байдлаар нэгтгэн олборлолт явуулахдаа нэг хэсэгт гарсан ашгийг нөгөөгийнх нь алдагдлыг нөхөхөөр гүйлгэж шилжүүлэх, эсхүл хамааралтай талууд хоорондоо үгсэн үнэ бууруулах, эсхүл урт хугацааны хедж хийх замаар зохиомол бага орлого тогдорхойлох хэлбэрээр татвар зувчуулахаас сэргийлэх үүднээс тусгай зөвшөөрөл бүхий талбай бүрд ашиг, алдагдал, татварыг тус бүрд нь тооцдог эрх зүйн орчин бүрдүүлэх, эсхүл гэрээгээр тохиролдцог байх шаардлагатай. Олон улсын энэхүү  “ring-fencing” зарчмыг  жишээ нь Оюу толгойд хамаарах хэд хэдэн бүлэг ордын хувьд зайлшгүй баримтлөх нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд тухайн бүлэг ордын бүрэлдэхүүн хэсэг нэг бүрд олборлолтын тусгай зөвшөөрөл олгож тусгайлсан нөхцлөөр гэрээ байгуулж, үнэ зохиомлоор шилжүүлэх байдлаас сэргийлж, ашиг -алдагдлыг мөн тус бүрд нь  тооцох нөхцлийг гэнээд тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй байна.
  • Ашигт малтмал ашигласны төлбөр (royalty)-ийн суурь нормыг оновчтой болгоё: Ашигт малтмал ашигласны төлбөрийн суурь хувийг тогтоох гол шалгуур нь: тухайн орны эдийн засагт уг нэр төрлийн эрдэс баялгийн ашиглалтын эзлэх байр суурь, төсвийн орлого бүрдүүлэлтэд нөлөөлөх түвшинг харгалзан үздэг. Жишээ нь Австрали, Ботсван, Намиби, Мозамбикт  томоохон орлого бүрдүүлэгч бадмаараг-эрдэнийн чулууны олборлолтыг чухалчлан үзэж АМАТ-ийг нь 7.5-13 хувиар тогтоосон байдаг. Манай улсад алт, зэс, нүүрсний олборлолт эдийн засагт харьцангуй урт хугацаанд зонхилох нөлөөтэй байх төлөвтэй. Иймд үнэт болон зарим суурь металлын АМАТ-ийн суурь хувийг тогтоохдоо мөн хөрш ОХУ (зэсэнд 8 %, алтанд 6 %), Хятадын жишиг болон үнэт металл, эрдэнийн чулууны олборлолт түлхүү бөгөөд олон жилийн туршлага, сургамж бүхий Африкийн хэд хэдэн орон, мөн тус тивийн уул уурхайн олборлолт эрхэлдэг зонхилох орнуудыг хамруулан хийсэн судалгаагаар алтны хувьд роялтийг 6.8-7.6 %-иар тогтооход хөрөнгө оруулагч ба эзэн орны ашиг сонирхол тэнцвэртэй хангагддаг тухай Африкийн Хөгжлийн Банкны үнэлгээ, дүгнэлтийг харгалзан үзэж болох юм. Түүнчлэн уул уурхайн салбарын орлогын ил тод байдлын индексээр манай улс дөнгөж 38.2 % тай байгаа нь уул уурхайн салбарын орлогыг татвар, төлбөрт бүрэн хамруулах талаас учир дутагдалтай байгааг ч мөн энд харгалзах хэрэгтэй болно.  ӨАБНУ-д  баяжуулалт, боловсруулалт, цэвэршүүлэлтийн түвшнээс нь хамааруулан роялтийг алт, зэс, төмөрт 0.5-7.0-иар тогтоодог байна. Украйнд алтанд 16 %, төмрийн хүдэрт агуулгын зэргээс нь хамааруулж 0.89-11.45 %, нүүрсэнд чанарыг нь харгалзан 0.57-5.33 %-иар тус тус роялтийн суурь хувь тогтоожээ.  
Монгол улсад ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулалтын  хувийг ашигт малтмалын нэр төрлийн эдийн засагт үзүүлэх ач холбогдлоор нь эрэмбэлсэн байдлаар стандарт суурь хувийг дараах байдлаар шинэчилэн тогтоож болох юм.

Жишээ нь:
  • алт болон бусад үнэт дэлхийн зах   зээл дэх тухайн үеийн үнээр тооцсон борлуулалтын үнийн дүнгийн 7.5 хувиар;
  • зэс, төмрийн хүдэр бусад суурь металын төрөлд дэлхийн зах зээл дэх тухайн үеийн үнээр тооцсон борлуулалтын үнийн дүнгийн 6.0 хувиар;  
  • нүүрс, лигнит, антарцид, занарын гаралтай газрын  тос, хүлэр, нэфэлин, апатитийн хүдэр, цайр, хөнгөн цагааны бокситод 5 %;
  • алтнаас бусад металл агуулсан холимог эрдэс, түүний баяжмалд 6.5 %;
  • асалт хийгдээгүй байгалийн гаралтай бадмаараг, бусад төрлийн  эрдэнийн чулуунд  борлуулалтын үнийн дүнийн 10 хувиар;
  • засалт хийгдээгүй байгалийн гаралтай хагас үнэт чулуунд борлуулалтын үнийн дүнгийн 7.0 хувиар;
  • уран, газрын ховор элемент агуулсан хүдрийн баяжмалд нэг тонн тутамд борлуулалтын үнийн дүнгийн 4 хувиар тогтоох гэх мэт, Гэхдээ энэ талаар  эрдэс баялгийн мэргэжлийн үндэсний зөвлөл үндэслэл тооцоог нь нарийвчлах шаардлагатай бизээ.
Харин лаффарийн муруйн загвараас үзэхэд роялтыг үүнээс өндөрөөр, эсхүл доогуур тогтоох нь зохисгүй байдаг ажээ.

Нөөцийн рентийн татварын тогтолцоог нэвтрүүлэх замаар ашиг хуваалцах шинэ горимд шилжие: Олон улсын үндэстэн дамнасан компанийн хөрөнгө оруулалт бүхий уул уурхайн төсөлд төрөөс мөнгөн хөрөнгөөр оролцох, хувь эзэмших гэдэг нь ихээхэн зөрчил дагуулсан асуудал байдаг тул дийлэнх улс оронд үүнээс татгалзах чиглэлтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт төрийн оролцоог тухайн төсөлд бий болгосон бол Засгийн газар нэг бол татвараа нэмэгдүүлж өөртөө хуваагдах ашгаа бууруулах, эсхүл татвараа бууруулж хуваах ашгаа нэмэгдүүлэх гэсэн сонирхлын зөрчил бий болдог.

Уул уурхайн олборлолтыг ер бусын зүйл мэтээр хийсвэр төсөөлөхгүйгээр, нэг талаас, тухайн улс орон өөрийн ашигт малтмалын нөөцөө ашиглуулахыг зөвшөөрөх, нөгөө талаас, хөрөнгө оруулагч нь хөрөнгө, ажиллах хүч, техник, технолгоо гаргаад ажиллах энгийн ойлгомжтой нөхцлөөр төсөл хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Үүнээс өөрөөр засгийн газар хөрөнгийн оролцоогоор уул уурхайн төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь эдийн засгийн агуулга талаас нэн ашиггүй бөгөөд эцэст нь ойлгомжгүй олон асуудал, сөрөг үр дагавар дагуулдаг нь олон улсын болон манай улсын орйын хэдэн жилийн практик сургамжуудаас тодорхой билээ.  Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалт давамгайлсан уул уурхайн төсөлд засгийн газрын хөрөнгийн оролцоог халсан тохиолдолд уул уурхайн “нөөцийн рентийн татвар” (resource rent tax)-ын тогтолцоог  олон улсын орчин цагийн жишгээр бий болгож тухайн төслийн ТЭЗҮ-д тодорхойлсон ашигт ажиллагааны түвшинг харгалзан төсөл бүрд гэрээгээр ялгавартай байдлаар тохиролцох замаар ашиг хуваалцах зарчимд шилжих хэрэгтэй байна. Гэхдээ энэхүү “нөөцийн рентийн татвар” ногдуулах хууль эрх зүйн ерөнхий нөхцлийг хуульчлаад, түүний хувь хэмжээг тухайн төсөлд тогтоохдоо төсөл бүр дээр ТЭЗҮ-д нь тусгагдсан ашигт ажиллагааны түвшинг харгалзан гэрээний нөхцлөөр тохирдог байх чиглэл баримталдаг байх нь зохистой болно.

Гадаадын хөрөнгө оруулалтай уул уурхайн төсөлд ийнхүү төрийн мөнгөн хөрөнгийн оролцоог халж, тогтоосон ордын нөөцөд дулдуйдан нөөцийн рентийн буюу уул уурхайн тусгай татварын хэлбэрээр цэвэр ашиг хуваалцах зарчимд шилжих тохиолдолд манай татварын албаны  чадавхийг эрс сайжруулах шаардлага тулгарна. Энэхүү шаардлага нь тухайн төслийн татвар ногдуулах ашиг тодорхойлох суурийг хэрхэн зөв тодорхойлж байгаа байдлыг шалган нотолж чаддаг байх нөхцлийг хангахад чиглэгдэха ёстой. Татварын шинэ тогтолцоог нэвтрүүлэх нь арга зүйн болон татварын байгуулалгын чадавхи бүрдүүлэх талаас ярвигтай боловч уул уурхайн үйлдвэрлэлийн тоо хэмжээнд бус ашигт ажиллагаа, эцсийн үр дүнд суурилсан татварын орчин үеийн боловсронгуй аргыг манай оронд нэвтрүүлэх томоохон алхам болно.

Уул уурхайн импортын татвар бүхэлдээ тэглэгдэх ёсгүй: Манай улсад импортын татварыг уул уурхайн болон бусад салбарын бүхий л тоног төхөөрөмжид нийтлэг байдлаар тодорхой нөхцөл заахгүйгээр нийтлэг хөнгөлөх, чөлөөлөх нь үндэсний валютын гадаад валюттай харьцах ханшийн хэт хэлбэлзэл бий болгох, импортыг үнэ хаялцуулан өрсөлдөж өндөр үнэтэй импорт хийх, ялангуяа төрийн өмчит компанид хэрэгцээгүй зүйл өндөр үнээр шахаж хөрөнгө завшуулах, гадаад худалдааны төлбөрийн урсгал тэнцлийн алдагдлыг огцом нэмэгдүүлж дотоодод хэрэглээний болон барилга, орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөхөд хүргэж байна. Түүнчлэн импортын хөрөнгийн хүчин чадал ашиглалтыг сулруулах,  элэгдэл түргэвчилсэн аргаар байгуулж, хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх сонирхлыг бууруулах, хөрөнгө удаан хугацаагаар ашиглалтгүй нөөцлөх боломж олгох муу талтай байна. Импортын татварыг Австралид уул уурхайн үйлдвэрийн тоног төхөөрөмжид нийтлэг 5 %-иар ногдуулдаг, Индонезид тухайн уул уурхайн компанийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойшхи эхний 10 жилд нь импортын тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөөд түүнээс хойшхи хугацаанд хийгдсэн импортод нь үнийн дүнгийн 20 хувиар импортын татвар ногдуулдаг байна. Казакстан, Мексикт бүх төрлийн тоног төхөөрөмжийн импортод 11 %-ийн, Перу-д 20% ийн татвартай. Чили улс экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зориулалттайгаас бусад тоног төхөөрөмжид 10 хувийн импортын татвар ногдуулдаг байна.  

Импортын татварын гол мөн чанар нь  ялангуяа хөрөнгө оруулалт өндөртэй уул уурхайн салбарын төрийн өмчит компаниудад хэрэгцээгүй, эсхүл шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн өндөр үнээр бараа шахаж хөрөнгө завших явдлаас сэргийлэх эдийн засгийн нэг арга хэрэгсэл болдогт оршино. Дэлхийн бусад олон улс орнуудад импортын татварын дараах тогтолцоо үйлчилдэгийг харгалзан үзэх нь зүйтэй юм. Үүнд:
  • Олборлолт, үйлдвэрлэл, үйлчилгээ эхлэхийн өмнөх зэхэлтийн (тухайлбал: 1 жил хүртэлх) тодорхой хугацаанд импортолсон болон нөөцөлсөн технологийн зориулалттай үндсэн хөрөнгөд импортын татварыг тэглэх;
  • Үндсэн олборлолт, үйлдвэрлэл, үйлчилгээ явагдсанаас хойш импортолсон технологийн бус зориулалттай үндсэн хөрөнгө, сэлбэг хэрэгсэл, бараа материалд  импортын татварыг  үнийн дүнгийн зохих  хувиар ногдуулах;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, олборлолт явагдахын өмнөх нэг жилийн хугацаанд импортолж импортын татвараас чөлөөлөгдсөн боловч түүнийг импортолсоноос хойш нэг жилийн хугацаанд суурилуулаагүй  үндсэн хөрөнгөд импортын татвар ногдуулах нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төрийн өмчийн компанид өндөр үнээр хэрэгцээгүй зүйл шахдаг байдлыг хязгаарлах нэг хөшүүрэг болно.
Хөрөнгө оруулагчдыг урамшуулж урт хугацааны түншлэлийг баталгаажуулахад олон улсын практикаас санаа авах хэрэгтэй: Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулагчдыг урамшуулах зарим нөхцлүүдийг гэрээнд нэгэн адил харгалзан үзэх нь зүйтэй байна.  Энд мөн олон улсын сайн практик чухал юм. тухайлбал: Хятадад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үүднээс тухайн хөрөнгө оруулагч нь олборлолт явуулж байгаа орны бусад салбарт өөрт ногдох ашгаасаа 5 жил, түүнээс цааших хугацаатай хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд уг хөрөнгө оруулалтад ногдуулсан татварын 40 хувийг буцаан олгодог байна. Папуа Шинэ Гвиней, Этопид уул уурхайн компаниуд олсон нийт орлогынхоо 5 хувиас доошгүйг, Перу-д хэмжээ харгалзахгүйгээр  тухайн оронд дахин хөрөнгө оруулалт хийхээр тусгай дансанд төвлөрүүлж уг зориулалтаар ашиглах ба түүнийг нь татвараас чөлөөлөх нөхцлийг гэрээгээр тохиролцдог байна.  

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын өөрт нь ногдох ашгаас Монгол улсын дотоодод уул уурхайн болон дэд бүтэц, мөн түүхий эд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд 3 жил, түүнээс урт хугацаагаар дахин хөрөнгө оруулсан нөхцөлд уг ашигт нь ногдох татварын зохих хэсгийг буцаан олгодог урамшуулал бий болгох;

Газрын тосны хувьд бүтээгдэхүүн хуваалцлын гэрээний дагуу олборлосон газрын тосны гадаадын хөрөнгө оруулагч талд ногдох хэсгийг үйлдвэрлэлийн үнээр нь  тооцож манай улсын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн бол түүнийг тухайн үеийн олон улсын зах зээлийн үнээр тооцож үнийн зөрүүг олборлогч хуулийн этгээдэд олгох, эсхүл татварт нь суутган тооцож байхын сацуу уг нийлүүлсэн газрын тосонд ногдуулах ашигт газрын тосны шилжүүлгэд ногдуулах төлбөрөөс нь чөлөөлөх;

Бүтээгдэхүүн хуваалцлын гэрээний дагуу газрын тос олборлогч хуулийн этгээдийн өөрт нь ногдох биет газрын түүхий тосноос  дотоодод гадаад зах зээлийн үнээс доогуур буюу хямдруулсан  үнээр нийлүүлсэн бол тэрхүү нийлүүлсэн хэсэгт нь ногдуулсан орлогын татварын зохих хувийг буцааж олгох, эсхүл дараа татварт нь суутган тооцох зэрэг урамгууллын төрөл нэвтрүүлэх зэрэг асуудлыг авч үзэх. Ийнхүү хөрөнө оруулагч дахин хөрөнгө оруулалт хийх аргыг олон улсын тусгайлсан нэр томъёонд оруулж “re-investment allowance” гэж нэрлэх болсон бөгөөд үүний сацуу “нөөцийн олборлолтын зардлын нөхөн олговор” (extractive allowance), боловсруулалтын нөхөн олговор (processing allowance) зэрэг янз бүрийн хэлбэрүүдийг хэрэглэж хөрөнгө оруулагчдыг урамшуулдаг аргаас сонгож хэрэглэх нь зүйтэй байна.

Хөрөнгийн элэгдлийн норм тогтоолтод олборлолтын туршлага бүхий бусад орнуудын адил түргэвчилсэн арга хэрэглэе: Уул уурхайн салбарт хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оуулалтын өгөөжийн жилийн нормыг ахиулах замаар хөрөнгө оруулалтаа аль болох богино хугацаанд нөхөөд талуудад ашиг хуваалцах хугацааг богиносгох нэг гол арга нь хөрөнгийн элэгдлийн нормыг шинэчлэх асуудал мөн. Дэлхий даяар ялангуяа уул уурхайн салбарт оруулсан их хэмжээний хөрөнгийг хурдан нөхүүлэх сонирхлыг төрүүлэх нэг хэрэгсэл нь хөрөнгө оруулалтын элэгдлийг түргэвчилсэн (accelerated depreciation) байдлаар тооцох аргад шилжиж байгаа явдал мөн. Манай улсад үйлдвэрийн зориулалттай хөрөнгө оруулалт, түүний дотор уул уурхайн хөрөнгө оруулалтын нөхөн төлөлтийн жилийн норм харьцангуй доогуур учраас хөрөнгө оруулалтаа нөхсөний дараах ”ашиг хүлээх” хугацаа сунжрах талтай байна. Иймд олон улсын орчин үеийн жишгийг харгалзан уул уурхайн төслийн хөрөнгө оруулалтын элэгдэл тооцох хугацааг түргэвчилсэн аргад шилжүүлэх талаар гэрээнд тусгаж байх нь зүйтэй юм. Ингэснээр жишээ нь Оюу толгойн хөрөнгө оруулалт хэрэв 24 тэрбум төгрөг болно гэж үзвэл 2033 оны дараачаас ашиг хуваах боломж гарах, эсхийг хүлээх хугацааг богиносгож болно. Практикаас үзэхэд уул уурхайн гол төслүүдэд бусад орнуудад дунджаар 5-7 жинаад зах нь 20-иос дээш хувийг,  зарим төсөлд эхний жилд нийт зардлын 60-аас дээш хувийг хөрөнгө оруулалтын зардал нөхөхөд зориулж хөрөнгийн элэгдлийн сан байгуулахад зориулсан байх нөхцөл гэрээнд тусгадаг жишиг байна.
 
Экспортын татвар нь хөндөж болохгүй сэдэв мөн үү? Уул уурхайн олборлох салбарын олон жилийн туршлагатай хэд хэдэн оронд эрдэсийн бүтээгдэхүүний экспортын татвар ногдуулдаг. Тухайлбал: Малайз, ОХУ, Гаана, Хятад, ӨАБНУ, Энэтхэг  энд гол төлөөлөл нь юм. Энэтхэгт гэхэд хүдрийн баяжмалын экспортод  нэр төрлөөс хамааруулж 10-20 хувийн, цэвэршүүлсэн металлын экспортод 10 хувийн татвар ногдуулдаг ажээ. ОХЖ, Хятадад металлын тодорхой зарим нэр төрөлд экспортын татвартай, Казакстан нүүрсний экспортод 2.1 хувийн татвар ногдуулдаг.

Экспортын татвар тэглэхийн мөн чанар нь өрсөлдөх чадварыг хадгалахад байдаг боловч Уул уурхайн зарим нэр төрлийн стратегийн түүхий эд, бүтээгдэхүүний экспортод экспортын татвар ногдуулж асуудлыг авч үзэж болох талтай. Учир нь:

  • аливаа үнэт, ховор болон суурь, түгээмэл тархацтай болон нүүрс ус төрөгчийн бүлгийн ашигт малтмал нь нөхөн сэргээгдэхгүй шавхагдаж дуусах онцлогтой;  
  • дэлхийн зах зээлд ямагт эрэлт өндөртэй, экспортлох зах зээл олоход хялбар;
  • -маркетингийн зардал нь хямд,үнэ нь олон улсын зах зээлд бараг автоматаар бэлэн тогтоогддог;
  • тус салбарт хөрөнгө оруулах өрсөлдөөн өндөртэй байдаг тул энэ нь онцгой түүхий эд, бүтээгдэхүүн гэж үздэг;
  • үнэт болон суурь металл, бусад зарим төрлийн түүхий эд бүтээгдэхүүний 2025 он хүртэлх хугацаанд олон улсын зах зээл дэх үнийн төлөвийг Дэлхийн Банк, Моршан Стэнлэй зэрэг мэргэжлийн судалгааны байгууллагуудаас гаргасан байгаагаас харахад  үнэ харьцангуй бааг савлагаатай, эрэлт, нийлүүлэлт нь тэнцвюэртэй байх төлөвтэй байна. Энэхүү үнийн таамаглалын түвшинг баримтлан тухайн олборлогч, худалдан авагчдын хооронд металлын бирж дээр forward, option хэлцэл явуулж үнийн баталгаат даатгал (hedge) хийхэд хэрэглэх боломжтой байгаа. 
Энэ бүхнээс дүгнэлт хийхэд уул уурхайн төсөлд төр хэдэн тэрбум долларын хөрөнгө зээлээр урьдчилан оруулаад төслөөс хэдийд ашиг гарч хуваалцахыг хүлээж суухын оронд бэлхэнээ байгаа олон улсын жишгээр тогтоогдсон нөөцийн зохих хэсгийг төрийн оролцоонд тооцохоор тохиролцохын сацуу татварын тогтолцооны бүх сувгийг олон улсын нийтлэг жишгээр оновчтой  хэрэглэж орлогоо цаг тухайд нь авч байх нь гадаадын хөрөнгө оруулалт, орлогын тогтвортой байдлыг урт хугацаанд баталгаажуулах энгийн хэрэгсэл болж чадна.

Шинэчлэлийн засгийн газар эдгээр асуудлыг харгалзан хөрөнгө оруулагчтай хэлэлцээр явуулж, уул уурхайн салбарт оролцох болон татварын тогтолцоонд олон улсын нийтлэг сайн практик жишгийг дагах, үүнд хөрөнгө оруулагчаасаа суралцаж, дэмжлэг туслалцаа  авах хүсэл эрмэлзэл, улс төрийн зориг гаргаж ажиллах нь тус салбарыг зөв голдирлоор хөгжүүлж, хүн ардад үр ашгаас  нь илүү ихээр хүртээхсэн билээ.

Э.САНДАГДОРЖ
/Дэлхийн Банкны Олон Салбар Хамарсан Төслийн зөвлөх-эдийн засагч/

 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар