Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ
“Рио тинто”-гийнхон гэрээг судлаагүй байсан
Өчигдөр 17 цаг 33 минут
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилготой хоёр тал оролцсон хувь нийлүүлэгчдийн хуралдаан өчигдөр болсон юм. Хувь нийлүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар өнөөдөр сэтгүүлчдэд хамтарсан мэдээлэл хийлээ. Тус хурлаар хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компанийн зүгээс “Оюу толгой” компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон санхүүжилтийн асуудлыг хөндсөн бол Монгол Улсын Засгийн газрын сайдууд шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудлыг тавьсан байна. Үүнд Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтын зардал ямар үндэслэлээр хоёр тэрбум ам.доллараар хэтэрсэн. Түүний задаргаа болон ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг дүгнэн хэлэлцэх.
2. Хөрөнгө оруулалтын гэрээний хууль, тогтоомжтой нийцэхгүй байгаа заалтуудыг эргэн харах.
3. Менежментийн үйлчилгээний төлбөрийн талаарх мэдээллийг ил тод байлгах.
4. “Антре гоулд” компанийн эзэмшилд буй, ордын нөөцийн 30 хувийг хамарч буй тусгай зөвшөөрлийг хөрөнгө оруулагчид шилжүүлэн шийдвэрлэх.
5. Монголын талд зөвлөх үйлчилгээ үзүүлсэн компани сонирхлын зөрчилтэй эсэхийг нягтлах.
6. Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн хэрэгжүүлэхийг хүсчээ.
Харин хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто” компанийн зүгээс Монгол Улсын Засгийн газар урьдчилгаа төлбөр хэлбэрээр 250 сая ам. доллар авч ашигласан. Түүнийгээ эргүүлэн төлөх асуудал хугацаа алдаж хойшлогдож байгаагаас Оюутолгой төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн байдал хүндрэлтэй тулж байна гэх асуудлыг сөргүүлэн тавьжээ. Энэ асуудалд холбогдох сайдууд ямар хариу тайлбар хийсэн тухайгаа ийн хэллээ.
Сангийн сайд Ч.Улаан: -Хөрөнгө оруулагч талд хоёр асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, энэ төслийн үр дүн харилцан ашигтай байх зарчмыг хангасан байх ёстой. Хоёрт, төсөл хэрэгжиж байгаа улсын хуулийг дээдлэх хэрэгтэй гэж үзсэн. “Рио тинто” компанийн зүгээс Засгийн газрын урьдчилгаа төлбөр хэлбэрээр зээлээр авч ашигласан 250 сая ам.доллар төлөх асуудал хугацаа алдаж байна, татварын орлогоос суутган тооцох байсан ажил хийгдэхгүй байна. Үүнээс болж төслийн санхүүгийн байдал бэрхшээлтэй тулж байна гэдэг асуудлыг тавьсан. Бид “Хуулинд нийцүүлж гэрээгээ барих ёстой” гэсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд урьдчилгаа зээлийн төлж эхлэх, төлж дуусах хугацааг тодорхой заасан ч жилд хэдий хэмжээний зээлийг суутган тооцох вэ гэдгийг тусгаагүй байгаа. Гэхдээ жил тутамд төлөх суутган тоололтын хэмжээг харилцан тохиролцож Сангийн яам баталгаажуулж хэрэгжүүлнэ гэсэн заалт бий. Энэ заалтыг хангая суутган тооцолтоо тогтоё гэдэг асуудлыг хөрөнгө оруулагчийн зүгээс өмнөх Засгийн газарт тавьж ирсэн ч хийгээгүй юм билээ. Энэнээсээ болж дээрх ажил хугацаа алдсан тал байна. Хуулиараа бол хоёр талаас тооцоогоо нийлээд улмаар баталгаажуулаад түүнийгээ төсөвтөө тусгаж УИХ-аар батлуулж байж, татварын суутган тооцолт хийх эрх нээгдэнэ. Гэтэл хөрөнгө оруулагч тал 2012 оноос суутган тооцох ёстой гэсэн. Бид 2014 оноос энэ ажлыг эхлэх ёстой гэсэн. Учир нь улсын төсөв нэгэнтээ батлагдчихсан учраас суутган тооцох хувь хэмжээг хийх боломжгүй. Ирэх 2014 оноос төсөвтөө тусгаж Засгийн газар нь УИХ-аас эрхээ авч байж үүнийгээ хийнэ” гэдгээ хэлсэн.
Хоёр дахь асуудал нь татвар төлөлт. Нэгэнт татварын орлогоос урьдчилан авсан зээлийг суутган тооцох асуудал шийдэгдээгүй учраас Оюутолгой төсөл хуулийн дагуу татвараа төлөх ёстой. 2012 онд татвар төлөгдөөгүй учраас татварын үүргээ биелүүлэх ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Татварыг урагш хойш гүйлгэж тооцох боломжгүй хуулиараа явна шүү гэдгээ мэдэгдсэн” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчид сайд нараас дараах асуултад хариулт авсан юм.
-Оюутолгой төслийг хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн, хийгдээгүй гэх зөрүүтэй мэдээлэл цацагддаг. Үнэлгээ хийгдсэн байдаг юм уу эсвэл үгүй юу. Дээр нь төсөл хэрэгжихэд усны хувьд маш хүндрэлтэй гэдэг. Энэ асуудал хэлэлцээрийн үеэр хөндөгдсөн үү?
С.Оюун:- “Оюутолгой” төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2012 оны намар нэлээд нухцтай хэлэлцээд баталсан юм билээ. Тэр үнэлгээний хүрээнд ажиллана. Усны асуудал чухлаар яригддаг. Гүний хоолой нэртэй усны ордоос усаа татна. Урьдчилсан байдлаар татсан усныхаа 80 орчим хувийг дахин ашиглаж эргэлтэд оруулна гэсэн байдаг. Гүний хоолойгоос авч байгаа ус нь тухайн бүс нутгийнхаа усны төвшинд нөлөөлж байна уу гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам судлахын тулд ирэх хавар дөрвөн усны цооног гаргаж /мониторингийн цооног/ ажиллана. Нэг зүйл нэмж хэлэхэд “Оюутолгой” компанийнхан мөн өнгөрсөн оны наймдугаар сард тусдаа Байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийн судалгааг хийсэн байдаг. Олон улсын санхүүгийн байгууллагаас төслийн дараагийн санхүүжилт авахын тулд үүнийг хийсэн юм билээ. Тэгэхээр энэ бол тусдаа асуудал гэж ойлгох хэрэгтэй.
-Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар нэмэгдэж 7.1 тэрбум болчихоод байгаа. Энэ асуудалд “Рио Тинто” хариу тайлбар хийсэн үү?
Д.Ганхуяг:- Энэ төслийн нийт санхүүжилт 14.6 тэрбум ам.доллар. Гэрээнд зааснаар бол анхны хөрөнгө оруулалт болох 5.1 тэрбум ам.доллараар баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон байх ёстой. Гэтэл 7.1 тэрбум ам.доллар болж хоёр тэрбум ам.доллараар давсан. Анхны хөрөнгө оруулалт 2 тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тайлбарлахгүй байгаа. Дараагийн хөрөнгө оруулалт бол далд уурхайд зориулагдах юм. Төслийн ТЭЗҮ-д зааснаар энэ орд ашиглалтад ороод, бүтээгдэхүүн үйлдвэрлээд, ашгаасаа дараагийн хөрөнгө оруулалтаа хийхээр заасан. Гэвч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байж 250 сая ам.доллараа буцаан авах тухай л хөндөөд байгаа юм. Ер нь ч тэгээд “Рио тинто”-г төлөөлөн хэлэлцээрт орсон нөхөр нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг уншаагүй, судлаагүй. ТЭЗҮ-гээ ч мэдэхгүй байсан. Энэ байдлаа өөрчлөөрэй гэж хэлсэн байгаа, дараагийн хэлэлцээр хийгдэхэд.
-Яагаад хөрөнгө оруулагчид анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгаанаа тайлбарлахгүй байгаа юм бол?
-Зарим нэг санхүүгийн тайлангаа ирүүлсэн. Тухайлбал, 600-700 сая төгрөгийн зардал нь хөрөнгө оруулагч тал Монгол Улсын Засгийн газартай гэрээ байгуулахаас өмнө хайгуул хийх зэрэгт гаргасан байгаа юм. Түүнийгээ анхны хөрөнгө оруулалтын зардал дээр нэмж тусгасан гэж байгаа. Мөн далд уурхайд оруулсан зардал, дээр нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж удсан учраас зардал гарсан зэрэг үндэслэлгүй тайлбаруудыг ч хийж байгаа. Аудитын газраас 2011 оны санхүүгийн тайланд нь шалгалт хийгээд 1 тэрбумын зардал тодорхой бус шалтгаанаар нэмэгдсэн гэж дүгнэсэн байгаа. Тодруулах зүйл нэлээн бий. Гэхдээ бид хоёр талдаа ярилцаад энэ бүх хөндсөн асуудлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэг бүрчлэн нарийвчлан тодруулж нягтлахаар болсон. Тийм учраас хувь нийлүүлэгчдийн энэхүү зургадугаар хуралдааныг түр хугацаагаар завсарлуулаад цагаан сарын дараа буюу хоёрдугаар сарын сүүлээр дахин үргэлжлүүлэхээр болсон. Мөн Монголын талын хувь нийлүүлэгчдийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлд тодорхой хугацаатай үүрэг чиглэл өгч шийдвэрлүүлэх 13 асуудлыг тавьсан.
Г.ДАРЬ
Энэ сэдвээр: Оюутолгой