Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

“Чалько”-гийн гэрээг сайжруулах хэрэгтэй

Өчигдөр 8 цаг 41 минут

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон “Чингис бонд”-ын талаар болон түүнийг ямар төсөл хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөсөн талаарх мэдээллийг хийсэн юм. Энэ үеэр нь түүнээс зарим асуудалд хариулт авлаа.

-“Чингис бонд”-оор авто зам, төмөр замд хөрөнгө оруулна гэж хэллээ. Хэдий хэмжээний санхүүжилт олгох вэ?

-Төмөр зам барихад зориулж 2013 онд “Чингис бонд”-оос 400 сая ам.доллараас хэтрэхгүй хөрөнгө оруулалтыг өгнө. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бидэнд зөвлөмж өгсөн. Энэ дагуу төмөр замд аль болох гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, бондоос санхүүжүүлэх хөрөнгийг бага байлгах бодлого барьж байна. 

Авто замын тухайд 300 гаруй сая ам.доллар зарцуулна бондын санхүүжилтээр. Улаанбаатар хотыг зургаан аймагтай хатуу хучилттай авто замаар холбоход 1300 км зам барих шаардлагатай. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Дорнод, Дорноговь, Дундговь, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь аймгийг Улаанбаатар хоттой авто замаар энэ онд багтаан холбоно.

-Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь эрсдэл дагуулна гэх шүүмжлэлийг эдийн засагчид өгөх болсон. Энэ тухайд юу хэлэх вэ?

-Аль ч улсад дэд бүтцийг төрөөс 100 хувь санхүүжүүлдэг. АНУ, Англи, ОХУ гээд аль ч улсад. Тэр тусмаа бондын мөнгийг дэд бүтцэд оруулах нь хамгийн зөв гарц. Дэд бүтэц бий болсноор эдийн засгийн хөгжил авчирна. Авто зам, төмөр зам, цахилгаан бол хөгжлийн суурь юм шүү дээ. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний хязгаарлалтад орчихоод байна. Ийм байж эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй л бол шинээр үйлдвэрлэл барих, орон сууцны хороолол барих тухай бодох хэрэггүй болно. Бондыг бид тав болон 10 жилийн хугацаатай босгосон. Тэгэхээр 10 жилийн дотор энэ дэд бүтэц маань шууд болон шууд бус утгаараа үр дүнгээ өгөөд эхэлчихнэ. Монгол Улсын ДНБ 2012 онд түүхэндээ анх удаа 10 тэрбум ам.долларын босго давсан. 2013 онд 17 хувийн нэмэгдэлтэй байхаар таамаглаж байна. ДНБ нэмэгдсэнээр эдийн засгийн чадвар сайжирна. Тийм учраас дэд бүтцэд тавьсан хөрөнгөө буцаагаад нөхөх бололцоо бүрэн байгаа.

-Шинэчлэлийн Засгийн газар Тавантолгойн орд дээр “Чалько”-той байгуулсан гэрээг өөрчлөхөө мэдэгдэх болсон. Өөр бусад орон нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж байна гэсэн үг үү?

-Ашиггүй гэрээг өөрчлөх ёстой. “Чалько”-той гэрээ байгуулахдаа нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар худалдахаар болсон юм билээ. Тэр үед дэлхийн зах зээлд түүхий нүүрсний үнэ нэг тонн 100-110 ам.доллар байхад шүү дээ. Гэтэл нүүрсний үнэ ханш буурангуут 70 ам.долларын үнэлгээ бас буурч байгаа. Ийм учраас “Эрдэнэс Тавантолгой” компани ашиггүй гэрээг аль болох хурдан өөрчилж,  ашигтай гэрээ байгуулахын төлөө ажиллахаас аргагүй. Тавантолгойн нүүрсийг худалдан авах саналыг Энэтхэг, Япон, БНСУ, Герман зэрэг орноос илэрхийлсэн байгаа. Эдгээ оронтой хэлэлцээр хийгээд эхэлсэн. Зөв бодлого хэрэгжүүлээд харилцан ашигтай санал тавих юм бол алинд нь ч нүүрсээ худалдаж болохгүй зүйл байхгүй. Гол нь бид хүүгүй урьдчилгаа авах саналыг илэрхийлж байна.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс зээл авах хүсэлтээ илэрхийлээд байгаа. “Чалько”-той байгуулсан гэрээгээ цуцалсан нөхцөлд урьдчилгаа хэлбэрээр авсан мөнгөө эргүүлж төлнө. Тэр тохиолдолд “Чингис бонд”-оос мөнгө зээлэхээс аргагүй гэдэг юм яригдаад байна уу даа?  

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн өр 500 сая ам.долларт хүрчихсэн. Үүнийг богино хугацаанд шийдэх хэрэгтэй. Гэхдээ “Чингис” бондоос өөр эх үүсвэрээс өрийг дарахаар судалж байна.

-Төрийн өмчит компаниудад бондын мөнгөнөөс хэрхэн олгох вэ. МИАТ компанид онгоц худалдан авч өгөхдөө “Чингис бонд”-оос гаргана гэх?
 

-Өнөөдрийг хүртэл бондын хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гараагүй байгаа. Бодлогын зөвлөл дээр ярилцаж байгаа асуудал бий. Эцсийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргана. Зам тээврийн яамны зүгээс МИАТ компанид гурван онгоц худалдан авах шаардлагатай үүнд 200 гаруй сая ам.доллар шаардана гэдэг саналыг бол ирүүлчихсэн л байгаа юм. Монгол Улс өөрийн гэсэн агаарын хөлөггүй юм шүү дээ. Бүхэл бүтэн улс байна даа, өөрийн гэсэн онгоцтой болчихвол уг нь.

-Бондын хүүгийн дарамтад орохгүйн тулд Монголбанк “Чингис бонд” дээр менежмент хийж байгаа гэсэн. Яаж менежмент хийж байгаа юм бэ?

-Төв банкнаас дотооддоо тодорхой хэмжээний бонд гаргасан байна лээ. Хүү нь арилжааны банкуудынхаас харьцангуй бага, долоон хувь. Манайд долоон хувийн хүүтэй эх үүсвэр гэдэг багадаа орж байгаа юм.

-Арилжааны банкууд өмнө нь 10 хувийн хүүтэй бонд авчихсан байсан. Үүнийгээ долоон хувийн хүүтэй бондоороо дараад голоос нь мөнгө завших боломж бүрдэх юм биш байгаа?

-Бид бага хүүтэй эх үүсвэр өгч байна гэдэг нь арилжааны банкны зээлийн хүүг бууруулах ажлаа л үе шаттай хийж байгаа хэрэг. Цаашдаа нийгмийн даатгалын сангийн 5.6 их наяд төгрөгийг мөнгөжүүлнэ. Ингэснээр зах руу бага хүүтэй мөнгө нийлүүлэгдэх бололцоо бүрдэнэ. Засгийн газар банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Түүндээ хүрэхийн тулд ажиллаж байгаа хэлбэр юм. Хардаад байвал юу ч бүтэхгүй. Дэм дэмэндээ дээс эрчиндээ гэдэг байх аа.

-“Чингис” бондын зээлийг буцаан төлөх цаг болоход төсөвт ачаалал үүсэх үү?

-Төсөвт ямар ч ачаалал үүсэхгүй. 2018 оны нэгдүгээр сарын 8-нд эхний 500 сая ам.долларын зээлийг төлөх ёстой. Өнөөдөр Монголд төсвийн зээл тусламжийн хэмжээ хоёр их наяд төгрөг байгаа. 2018 он гэхэд энэ нь тав дахин өснө. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хэмжээ 10 их наяд төгрөг болно. Тэгвэл 700 тэрбум төгрөгийг тухайн үед бид төлөх болно. Тиймээс 10 их наяд төгрөгийн дэргэд энэ мөнгө асуудал биш. Харин өнөөдөр мөнгөө зөв зүйлд зарцуулах нь л чухал байгаа юм.

-УИХ-аас Засгийн газарт таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгсөн. Дараагийн 3.5 тэрбум ам.долларын бондыг хэзээ гаргах вэ?

-Бидний төлөвлөгөө ёсоор эхний 1.5 тэрбум ам.долларынхаа төслийг хэрэгжүүлээд, үр дүнг нь үзэх нь чухал байгаа. ДНБ-ий өсөлт нэмэгдээд ирэх цагаар буюу энэ оны сүүлээр энэ асуудал яригдаж эхэлнэ.

Г.ДАРЬ
 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар