Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

"Рио Тинто"-д илэрхийлэх эрх ашгийн нэг

2013 оны 2 сарын 5

-Оюутолгой төсөл энэ жилдээ л гэхэд  2.4 тэрбум ам.долларын бараа үйлчилгээ авах төлөвтэй байна.  Үүнд үндэсний бэлтгэн нийлүүлэгч компаниуд нэгдэж, боломжоо дайчлах хэрэгтэй юм-

Кластр буюу нэг төрлийн бүлэг юмс, багц гэсэн утгатай энэ үгний хийсвэр имижийг бизнесийн орон зайд  шинэ өнгө аясаар ашиглах болсон. Олон улсад төрөл бүрийн  үйлчилгээгээр бизнес  хийх сонирхолтой хүмүүсийг ингэж  нэрлэдэг. Манайд бол албан ёсны тодорхойлолт нь ханган нийлүүлэгчид юм. Монгол дахь  уул уурхайн үйлдвэрлэл дагасан олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг бэлтгэн нийлүүлж чадвал ашгаа сайн өгч чаддаг гэдгийг бизнес эрхлэгчид онцолдог.  Харин ийм боломжийг нь монголчуудад тэр бүр олгодоггүй гэсэн яриа  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтээс үүдээд байгаа юм. Энэ асуудлыг болон өөр хэд хэдэн чухал асуудлыг  хэлэлцэхээр маргааш Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн удирлагууд Улаанбаатарт ирж, Монголын талтай ярилцах юм. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын уулзалт олны анхааралд орж ирээд байгаа ч хаана болох ямар хүмүүс оролцох талаарх мэдээллийг Оюутолгой компанийн зүгээс мэдээлэхийг хүсэхгүй байна.

Оюутолгой төслийн ханган нийлүүлэгчдийг шалгаруулах тендер үндэсний компаниудын тоог хазаарлаж багасгасан нь үнэн. Ингэх шалтгаан байсан. Саяхан Оюутолгойн ажилчид хоол хүнснээсээ хордлого авч балрах шахсан билээ. Гэхдээ бид ханган нийлүүлэлтийн шалгаруулалтад өрсөлдөж барьцах л эрхтэй. Учир нь хөрөнгө оруулагч ганцаарчилсан шийдвэр гаргаж, гэрээг зөрчиж байсан талаар Монголын талууд мэдэгдэж, дахин хэлэлцэн ярих асуудлуудын эгнээнд ханган нийлүүлэгчдийн оролцоог нэмэх асуудал багтаж байгаа юм.

Өдгөө Оюутолгойн ханган нийлүүлэлтийн шошго зүүсэн 2500 гаруй компани бий гэсэн баримт байна. Эдгээрийн зөвхөн 60-нь үндэснийх бөгөөд ихэнх нь Америк, Герман болон Канадын сүлжээ компаниуд гэх. Үнэн хэрэгтээ  уурхайнхны талх тариаг нь зөөн, хувцас хунарыг нь хангаж, үйлчилгээ засварыг хийгээд өгчих ашигтай энэ  бизнесийн учгийг  бид гадныханд алдчихаад байгаа юм. Гадны хөрөнгө оруулагчид бэлтгэн нийлүүлэлтийн бэлэн сүлжээтэй харилцахыг илүү үздэг учраас дэлхийн сүлжээ компаниудын хөлд нь  монголчууд “чирэгддэг” байна. Тэдэнтэй өрсөлдөхийн тулд “Оюутолгойн ханган нийлүүлэлтийн консорциум”  нэгдлийн дор  үндэсний арваад компаниуд нэгдсэн ч илүү өргөн сүлжээг бий болгох хэрэгтэй гэдгээ илэрхийлж байсан удаатай. Хэрэв үндэсний компаниуд илүү олноор нэгдэж санхүү, менежмент, боловсон хүчнээ сайжруулан Оюутолгойн шалгаруулалтад орж чадвал таатай боломжийг атгаж чадна гэх. Энэ бизнесийн амт, өгөөжийг мэргэжилтнүүд “Уул уурхайн салбарт орж байгаа 1 ам.доллар л гэхэд бусад салбартаа 4 ам.долларын хэрэгцээг бий болгодог” гэсэн томьёогоор тайлбарладаг юм. 

Тэгэхээр монголчууд бид дэлхийн хэмжээний төслийг нутагтаа хэрэгжүүлж буйн хэрээр бизнесийн босгоо өндөрсгөж, олон улсын стандартын дагуу ажил үйлчилгээгээ эрхлэх ёстой гэдгээ ойлгох хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчдад бүхнээ гаднаас зөөдөг, бүтээсэн юмгүй гэж гологддог ч юм билүү, хэн мэдлээ. Уг нь хувиа нэмээч гэж “гуйж” байхаар бэлтгэн нийлүүлэх учиртай кластр бизнесийн арга ухаанд сурчихвал үр өгөөж нь тэрбумаар хэмжигддэг гэх. Оюутолгой төсөл энэ жилдээ л гэхэд  2.4 тэрбум ам.долларын бараа үйлчилгээ авахаар төлөвлөж буй сурагтай. Энэ талаар ”Үндэсний компаниуд нэгдэж, санхүүгийн боломжоо дайчлах хэрэгтэй. Олон улсын стандарт шаардлагад нийцэх санхүүгийн үйл ажиллагаа явуулж, боловсон хүчний чадварыг дээшлүүлэх хэрэгтэй цаг үе ирээд байна” гэж ханган нийлүүлэлтийн  үндэсний компаниудын байгуулсан консорциумын ерөнхийлөгч С.Балчиндорж нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Ийм аятайхан боломжийг манай үндэсний жижиг, дунд, том бизнес эрхлэгчид алдахгүйг хичээж, наад зах нь  энгийн бичиг цаасны ажлаа олон улсын хэлээр хөтлөх чадвартай болох нь зүйтэй юм.  Хэдий болтол туслан гүйцэтгэгчийн “дүрд тоглож”, уул уурхайнхны аар саар ажлыг хийдэг  жижиглэнгийн хангагчид байх ёстой юм бэ? Ер нь тэгээд  зөвхөн Оюутолгойн таалалд нийцүүлэхийн төлөө ч биш олон улсад хөгжиж буй кластр бизнесийн арга ухаанд жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн суралцах хэрэгтэй болжээ.

Э.ГАНЧИМЭГ


 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар