Монголын эдийн засаг зах зээлийн мэдээ

Хөрөнгө оруулагчдад хандсан хатуу үгс

2013 оны 2 сарын 4

-Монголчуудыг хаяна, гарна гэж айлгах дадал сууж байгаа хөрөнгө оруулагчид сүүлдээ оройд залагдсан од мэт аашлах болж буй хэрэг. Тийм учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сануулга санаандгүй зүйл биш юм-

Оюутолгойн лицензээр хөрөнгийн бирж дээрээс тэрбумаар яригдах хөрөнгө босгосон ноён Роберт Фрийдланд “Бичиг үсэгтэй ард түмэн амаргүй байдаг юм байна” гэж монголчуудын талаар нэгэнтээ хэлсэн гэх. Ард иргэд нь нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан, чөлөөт хэвлэл, иргэний нийгэм хөгжсөн Монголд Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулах гэж мань эр тэр байтугай гаслан тоочихоор шаналсан нь үнэн. Эрх мэдэл бүхий хэдхэн хүнтэй яриад явцуу хүрээнд асуудал шийдэгдчих байх гэж тооцоолж байтал нийгмийг хамарсан хэлэлцүүлэг, тэмцэл болж хувирсан нь товчхондоо бол монголчууд бүгдээрээ бичиг үсэгтэйн “гай”.

Үнэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж, эдийн засгаа босгоно гэсэн бодолтой сүүлийн хорин хэдэн жил хичээж яваа монголчууд “хөрөнгө оруулагч” гэхээр хөл алдаж, хөнгөлөлт чөлөөлөлтөөр урин далладаг үе дуусчээ. Монголчуудын хувьд өнөөдөр хөрөнгө оруулалт дээр хоёр тал харилцан эрх ашгаа ярилцах хэмжээнд хүрснийг Ерөнхийлөгч санууллаа.

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ  тойрсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Албан ёсоор баталсан гэрээнд огт тусгагдаагүй, өмнө нь хоёр тал ярилцаж тохиролцоогүй хэд хэдэн асуудлаар хөрөнгө оруулагч тал ганцаарчилсан шийдвэр гаргаж, гэрээний нөхцөл, үр дагаврыг нэлээдгүй өөрчилсөн байна.

Тухайлбал, анхны хөрөнгө оруулалтын зардал өнөөдөр 7.1 тэрбум ам.доллар болж, гэрээг батлахад тохирсон 5.1 тэрбумаас нэмэгджээ. Энэ нь хоёр тэрбум ам.доллар буюу анх төлөвлөснөөс 40 хувиар өссөн хэрэг юм байна. Мөн төслийн нийт хөрөнгө оруулалт далд уурхай ажиллаж эхлэхэд нийлбэр дүнгээрээ 14.6 тэрбум ам.доллар байхаар хоёр тал Техник эдийн засгийн үндэслэлд тусгасан ч энэ дүн одоо 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалт анхныхаасаа 68 хувиар өссөн үзүүлэлт аж. Гэрээнд зааснаар бол Техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалт өссөн тохиолдолд Эрдэс баялгийн зөвлөлд хөрөнгө оруулагч тал тухай бүр мэдэгдэх ёстой аж.

Түүнээс гадна Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг “Entree Gold” нэртэй гадаадын өөр нэг компани эзэмшдэг болсон байна. Үүнийг монголчууд огт мэдээгүй явж ирсэн бөгөөд үүнээс болоод олох ашгийнхаа 30 хувийг алдах эрсдэлд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгой компани нь нийт талбайнхаа 70-80 хувийг эзэмшиж, харин Монгол Улс энэ талбайгаас 34 хувийг эзэмшиж байгаа дүр зураг харагдаж байна.

Монголын улстөрчид шийдвэр гаргах төвшиндөө Оюутолгой ордын гэрээнээс болж талцаж, муудалцаж байх хооронд хөрөнгө оруулагч ганцаарчилсан шийдвэр гаргаж, гэрээг зөрчиж байсан бололтой. Тэдгээр өөрчлөлтүүд Монголын талд санхүүгийн ачаалал болох, ирээдүйд авах ашгийг бууруулах сөрөг үр дагавруудтай. Энэ сарын 6-ны өдөр буюу нөгөөдөр Улаанбаатарт Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн удирдлагууд ирж, хоёр тал дээрх маргаантай асуудлуудаар ярилцана. Үүний өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож, УИХ, Засгийн газартай ойлголт, мэдээлэл нэгтгэсний цаана бас нэг учир бий. Тэрээр хөрөнгө оруулагчдад чанд зарчмыг сануулсан хатуу үгс хэлэх зорилго өвөрлөж чуулганы хуралдаанд оролцсон бололтой.

Хэд хоногийн өмнө хөрөнгө оруулагчид Ерөнхийлөгчид дарамталсан захидал илгээсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн байсан. Гадаад эх сурвалжид тавигдсан тэрхүү захидлын агуулга монголчуудыг айлгасан өнгө аястай байсан нь ч үнэн. Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин хөндөгдөх болон хууль зүйн маргаантай асуудал яригдах бүрт монголчуудыг хаяна, гарна гэж айлгах дадал сууж байгаа хөрөнгө оруулагчид сүүлдээ оройд залагдсан од мэт аашлах болж буй хэрэг. Тийм учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сануулга санаандгүй зүйл биш юм.
Монгол Улс Оюутолгой төсөлд хөрөнгө оруулсан, гэрээний оролцогч тал. Тэгтэл зөвхөн нөгөө талын эрх мэдлээр асуудал шийдэгдэх ёсгүй. “Монгол Улс бол нээлттэй, ардчилсан, ард түмэн нь эрхээ шаардсан, төр нь ард түмнийхээ шаардлага, хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө ажилладаг улс. Тэр нь хуулийн дагуу хэрэгждэг, тийм л улс... Ашигт малтмалаас үнэтэй, Оюутолгойгоос үнэтэй ололтууд Монголд бий.Улс орны тусгаар тогтносон, бие даасан байдал, хууль ёс, ил тод байдал заавал үйлчлэх ёстой. Зарим гишүүн хэлж байсан. Монгол Улс хуультай орон. Монгол ёс журамтай улс. Монгол Улс бол төр, засагтай улс. Зүгээр нэг баялгийг нь ороод дээрэмдээд аваад явчихдаг, тэгээд нөгөөдүүл нь дуугүй сууж байдаг, аль эсвэл эрх барьж байгаа хэсэг хүнтэй нь хуйвалдаад баялгийг нь цөлмөөд гараад явдаг тийм улс биш шүү. Хэрэв ийм улс гэж эхнээсээ бодсон бол эндүүрэл. Биднийг өөр газар нутагтай, өөр улс оронтой харьцуулж ярих шаардлагагүй” гэж Ц.Элбэгдорж хэлжээ. Үнэхээр ч Фрийдландын монголчуудын талаар хэлж байсан “бичиг үсэгтэй ард түмэн хэцүү юм” гэх үг чухамдаа биднийг африкчуудтай адилтган бодож байсны илрэл биз. 

Монголын тал Оюутолгойн гэрээг сайн, муугаар шүүмжилж, үүнээс болоод дотроо хагаралддаг ч гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Харин нөгөө оролцогч маань юу хийчихсэн юм бол?

Дэлхийд алдартай, уул уурхайн бизнесийн дээд жишгийг тогтоодог гэх “Рио Тинто” компани Монголтой байгуулсан гэрээн дээрээ тэрхүү нэр хүндээ хамгаалах ёстойг ч Ерөнхийлөгч сануулав. Монгол Улс амаргүй хоёр хөршийн дунд оршдог, тийм ч учраас гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг чухалжилж ирсэн. Энэ нь монголчуудын эрх ашигтай нийцдэг. “Гэхдээ бидний энэ хүслийг бас дураараа ашиглах хэрэгсэл болгож хувиргаж болохгүй”.

Хөрөнгө оруулагчдад хандсан ийм хатуу байр суурийг Ерөнхийлөгч болоод төр, засгийн удирдлагуудаас, тэр дундаа парламентын танхим дотроос хэлж байсан удаа үгүй болов уу. Зарим асуудлаар монголчуудыг лоббидож, хэл амаа ололцох гэж хичээдэг ч ихэнхдээ ая тал засуулан аль л таатай нөхцөлийг эдэлж ирсэн хөрөнгө оруулагчдад “Рио Тинто”-д хандсан ерөнхийлөгчийн үг нэгийг бодуулах биз ээ.

З.БОРГИЛМАА

 ХОЛБОО БАРИХ

Төв оффис: Монгол улс Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 7-р хороо хилчний гудамж Таван ган трейд
Зээл олгох цэг: Монгол улс Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1-р хороо 1-р байр 36-тоот
Утас: 976-11-317299
Факс: 976-11-317299
 холбогдох газар яам
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
МОНГОЛБАНК Санхүүгийн зохицуулах хороо
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сангийн Яам
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Bloomberg Монголын Хөрөнгийн Бирж
Татварын Ерөнхий Газар
Татварын Ерөнхий Газар